Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд шилжих шөнө нэг гэр бүлийн зургаан иргэн шахмал түлшинд угаартаж амиа алдсан билээ. Тухайн гэр бүлээс ганцаараа үлдсэн иргэн О.Одбаяр хэвлэлд хандсанаар дээрх хэрэг ил болсон. Түүнийг мэдээлэл хийсэн даруйд нас барсан зургаан иргэний талаарх хувийн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан байдаг. Ингэхдээ талийгаач ээжийг нь архины хамааралтай байсан гэх зэргээр бичсэн юм.
Тэгвэл үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Эрчим хүчний яам болон нийслэлээс бүрдсэн Ажлын хэсгийн мэргэжилтнүүдийн мэдээлэл солилцдог дундын чатнаас цэрэг хүүгийн угаартаж амиа алдсан ар гэрийнхний эмзэг, нууц мэдээлэл задарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, цэрэг хүүгийн ар гэр болох угаартаж амиа алдсан зургаан иргэний мэдээллийг түгээсэн иргэн Б-г дөрвөн хүний хамт хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн” гэж ярилаа.